Шүд угаахад дуртай болгох сонирхолтой 3 арга

Хэрэв бид хүүхдүүддээ шүд угаахыг анхнаас нь залхуутай ажил мэтээр ойлгуулчихвал хүүхэд шүдээ угаах дургүй болох магадлал өндөр. Үүний оронд 2-3 настайгаас нь эхлээд энэ аргуудыг ашиглан шүд угаахыг “сонирхолтой тоглоом” мэтээр ойлгуулаарай.

Хөөсөн чихрэн шүд

Хэрэг болох зүйлс:

  • Маршмело буюу жижигхэн цагаан хөөсөн чихэр 32 ширхэг
  • Улаан өнгийн цаас 
  • Цавуу, тарган цавуу байвал зүгээр
  • Хар өнгийн фломастер

Заавар:

  • Улаан өнгийн цаасаа доорх хэлбэрээр хайчлаарай
  • Тасархай зураасны дагуу нугална
  • Үзүүр хэсгээр цавуу түрхэн, хөөсөн чихрээ наана.
  • Ингээд л жижиг хэмжээтэй ам бэлэн болно.

Та үүнийг ашиглан хэрхэн араа шүд хүртлээ сайн угаах ёстойг тайлбарлан ойлгуулж болно. Нэмээд фломастер ашиглан зарим нэг шүдийг хорхойтуулж, шүдний цоорол хэрхэн явагддаг гэдгийг тайлбарлаарай.

Хорхойтой алим

Энэ туршилтанд танд ердөө ганц алим хэрэг болох болно. Хүүхэдтэйгээ нийлж байгаад шүдэнз, савх эсвэл чигчлүүр ашиглан алиманд нүх гаргаарай. Хэдэн цагийн дараа гаргасан нүх ямар өнгөтэй болсныг хүүхдээсээ асууж, шинэхэн зүссэн алимны өнгөтэй харьцуулаарай.

Үүнийг ашиглан шүдний цоорол бол яг л алиманд гаргасан нүхтэй адил гэдгийг ойлгуулж, ийм нүх гаргахгүйн төлөө яах ёстойг ойлгуул. Хүүхэд өнгөний ялгааг хараад шүдний цоорохоос өөрийгөө сэргийлдэг болж эхэлнэ.

Өндгөн шүд

Хэрэг болох зүйлс:

  • Өндөгний хоосон хайрцаг
  • Цагаан будаг
  • Сойз

Заавар:

  • Өндөгний хайрцгийн жижиг тасалгаа бүрийг хүүхдэдээ шүд гэж ойлгуулаарай. Харин цагаан будгийг оо хэмээн ойлгуул.
  • Хэрэглэдэггүй сойзоо цагаан будгандаа дүрж хүүхдээрээ өндөгний хайрцгаа будуулаарай.
  • Тэр үед хүүхэд шүдний эргэн тойрныг сайн угаахгүй бол болохгүй, ганц үрэхэд л шүдний бүх талд оо хүрдэггүй гэдгийг ойлгоно.

Ингэж тоглоомын аргаар сурсан хүүхэд шүд угаахыг залхуутай ажил биш зугаатай зүйл мэтээр ойлгож эхэлнэ. Үүнийг өдөр болгон давтсан байхад шүд угаах гэдэг үйл аяндаа зуршил болно.